Танилцуулга
Элчин сайдын тухай
Хатагтай Марчюлёните Литва Улсын Соёлын сайд, Литва Улсаас ЮНЕСКО-д суугаа Элчин сайд зэрэг өндөр албан тушаал, дипломат албыг сүүлийн 25 гаруй жил хашиж байна. Монгол Улсад томилогдохынхоо өмнө тэрээр Европын Холбооноос БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
Хатагтай Марчюлёните нь Парис дахь Дипломат харилцааны, стратегийн хүрээлэнд Олон улсын харилцаа, дипломат харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Түүний эх хэл нь Литва, Англи, Орос болон Франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн.
Элчин сайдын мэндчилгээ
Эрхэм зочин танаа,
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын албан ёсны цахим хуудсанд зочилж байгаа эрхэм танд хувиасаа болон хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний гадаад бодлого, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, дээд боловсрол болон соёлын чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үндсэн чиг шугам болон манай харьяа байгууллагуудын бодлогын талаарх цогц мэдээлэллийн найдвартай эх үүсвэр болгон хүлээн авах юм.
Монгол Улс бол Европын Холбооны хувьд чухал түнш орон юм. Тэртээх 1989 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш тус Холбоо нь Монголын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг дэмжиж ирсэн бөгөөд 2017 онд Монгол Улсад Төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яамаа нээснээр бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжин өргөжин хөгжиж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн мөнгөн дүн 12 сая еврогоос 135 сая евро болж өссөн нь үүний тод илэрхийлэл юм.
Монголын нийгэм, ард иргэдийн тусын тулд, хоёр талт хамтын ажиллагааг 2017 онд хүчин төгөлдөр болсон Европын Холбоо Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн (ТХАХ) алсын хараа, зорилтод нийцүүлэн бодит ажил үйлс болон хэрэгжүүлэхэд бидний үүрэг оршино. Өнөөгийн Монгол Улсад ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд илүү тэсвэртэй, төрөлжсөн, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болоход дэмжлэг үзүүлэх амин чухал байна.
Коронавирусын халдвар тархаж эхэлснээс хойш, Европын Холбооны зүгээс энэхүү цар тахалтай тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж ирлээ. Тус Холбооны зүгээс түншлэгч орнууддаа үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлснээс гадна, яаралтай тусламжийн хангамжийг хүргүүлэх төсөв хуваарилж, судалгаа шинжилгээний ажилд хөрөнгө оруулсаар байна. Нэг Европ Нэг баг (ЕХ ба түүний гишүүн орнууд) нь 2021 оны сүүлээр 1.3 тэрбум тун вакциныг бага, дунд орлоготой 92 улс, тэдгээрийн дотор Монгол Улсад олгоход зориулан 3.2 тэрбум еврогийн санхүүжилтийг босгосон КОВАКС хөтөлбөрийн томоохон хандивлагчдын нэг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 90 000 гаруй тун вакциныг Монгол Улсад өнгөрсөн хавар хандивласан байдаг.
Вакцины худалдан авалт, хүргэлтээс гадна Нэг Европ Нэг баг санаачлагын хүрээнд дэлхийн улс орнуудад КОВИД цар тахлын хямралыг даван туулахад зориулсан багцаас Монгол улсад 40.45 сая еврогийн санхүүжилтийг доорх гурван хариу арга хэмжээнд буцалтгүй тусламж хэлбэрээр олгоод байна: i) Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, шаардлагатай урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хямралын эсрэг хариу арга хэмжээ авах ii) Төрийн санхүүгийн удирдлага, хөдөлмөр эрхлэлт, ЖДБ эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлүүдийг даван туулах iii) Нийгмийн эмзэг бүлгийн эрх ашиг, хэрэгцээг анхааралдаа авч Ковид-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах.
Байдал байнга өнөөдрийнх шиг цар тахалтай хүнд байхгүй, Монголчууд аюулт тахлыг удахгүй даван гарна гэсэн эерэг тэмүүллээр Европын Холбоо 2021-2027 онуудад Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хөтөлбөрөө боловсруулж дуусах шатандаа ороод байна. ЕХ-ны Гишүүн орнуудын хамт Монгол, Европ болон олон улсын байгууллагууд, түншлэгчидтэйгээ олон удаа судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд цаашдын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах тэргүүлэх хоёр чиглэлийг тодорхойллоо. Эдгээр нь тогтвортой хөгжил болон ардчилал, эдийн засгийн хөгжил юм. ЕХ ба түүний гишүүн орнууд Нэг Европ Нэг Баг санаачлагын хүрээнд Европын санхүүгийн байгууллагууд болон Европын бусад түншлэгчдийн хамтаар ирэх жилүүдэд Монгол Улсын байгалийн нөөцийн тогтвортой удирдлага, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Манай цахим хуудас таныг Европын Холбоотой холбох гүүр болохын зэрэгцээ, ЕХ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ойлголт мэдээлэл олгоно хэмээн найдаж байна. Шинэ мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авахыг хүсвэл манай Facebook, Twitter, Instagram хуудаст зочлоорой. Мөн Төлөөлөгчийн газрын цахим сониныг хүлээн авахыг хүсвэл энд дарна уу.
Гүнээ хүндэтгэсэн,
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/ Төлөөлөгчийн газрын тэргүүн.