“УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ”-ийн үр дүнд дулаан хангамжийн системийн найдвартай байдал сайжирч, хүчин чадал нэмэгдэж байна

Эдгээр дулааны шугамуудыг ашиглалтад оруулснаар шинээр 12 давхар 1 орцтой 150ш-200ш орон сууцны барилга 15000 орчим айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжтой болсон төдийгүй айл өрх, аж ахуй нэгжүүдийг найдвартай дулаанаар хангаж байна. Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн бүсүүд рүү шинээр шугам татаж төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээг тэлж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа юм.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нар Эрчим хүчний яам болон Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн төлөөллүүдтэй хамт төслийн үр дүнтэй биечлэн танилцлаа.
Төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк ба Европын Холбооны Монгол улсын эрчим хүчний салбарт хийсэн бодит хөрөнгө оруулалт юм. Төслийн хүрээнд хуучирч, элэгдсэн дулааны шугамыг шинэчлэх, даралт өргөх насос станцын өргөтгөл, шинэ төлөвлөлтийн бүсүүд рүү шинээр дамжуулах шугам татах зэрэг шаардлагатай дэд бүтцийн шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэж байгаагаас гадна дэвшилтэт технологи нэвтрүүлж, компанийн чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийх зэргээр техник туслалцаа олгож байна.
Төслийн хүрээнд 2021-2022 онд Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 3.3 км, Баянзүрх дүүрэгт 0.5км дулааны шугам сүлжээг шинэчилж, Их Тойруу орчмын дулааныг хангадаг даралт өргөх насос станцыг өргөтгөсөн нь Чингэлтэй, Баянгол, Сонгино хайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн мянга мянган өрхүүдэд үр өгөөжөө өгч байна.
Цаашид Толгойт орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийг хангах дулааны шугам шинээр байгуулах, ухаалаг тоолуур нэвтрүүлэх, компанийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэнэ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын Холбооны санхүүжилттэй “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл” нь дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа гаднын томоохон хөрөнгө оруулалт юм.
Төвлөрсөн дулаан хангамжийн цар хүрээг тэлснээр орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг дамжуулах сүлжээний хувьд бүрдүүлэх ба халаалтын зуух, яндангуудыг халах юм. Энэхүү шилжилт нь агаар, орчны бохирдлыг бууруулж, орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж дулааны үр ашгийг дээшлүүлнэ.
Төслийн гол үр дүн нь дамжуулах сүлжээний хуучирч муудсан, гэмтэл саатал ихээр гарч ашиглалтын шаардлага хангахгүй болсон төв шугамуудыг өргөтгөн шинэчилж, дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагаа, үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн.