ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ, ЭКОСИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ (STREAM) ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Энэхүү төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Олон улсын их сургуулиудын консорциумтай хамтран хэрэгжүүлнэ.
Дэлхийн дулаарлын нөлөө Монгол оронд эрчимтэй ажиглагдаж, агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2.2°С-аар нэмэгдэн хур тунадасны хэмжээ буурсан байна. Агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд даруй 2 дахин нэмэгджээ. Эдгээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс гадна улсын хэмжээнд газрын талаар баримтлах нэгдсэн бодлого, төлөвлөлт хангалттай түвшинд хүрч чадаагүйгээс салбар хоорондын уялдаа алдагдаж тус тусдаа бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг болсноор газрын үнэ цэнэ алдагдаж, зохицуулалтгүй ашиглалтаас үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдол, хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэл, бэлчээрийн доройтол, цөлжилт, газрын маргаан, зөрчил, ядуурал зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон асуудлууд үүссэн байна.