This isn't an official website of the European Union

Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг нэмэгдүүлэхэд МУЗГ, Европын Холбоо, ЕСБХБ-ны хамтран ажиллаж байна

Монгол Улсын Засгийн Газар, Европын холбоо (ЕХ) болон Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хамтран эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат, ЕСБХБ-ны Ерөнхийлөгч хатагтай Одил Рено-Бассо нар “Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төсөл”-ийн Европын Холбооноос олгож буй нэмэлт 8 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

EU EBRD GoM signing Sainshan Choir

Энэхүү төсөл Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Төсөл нь нийт 79.67 сая евро (300 тэрбум төгрөг)-ийн санхүүжилттэй бөгөөд нь Европын Холбоо 8.4 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 64.6 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орнуудын 6.7 сая еврогийн техникийн тусламжаар дэмжиж буй юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните гарын үсэг зурах ёслолын үеэр “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол цөм бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ.” хэмээн онцоллоо.

“Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугам төсөл”-ийн санхүүжилтээр Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих юм. Төслийн баг Эрчим хүчний яамны удирдлага дор ажиллаж, барилгын ажил 2025 онд эхэлж, 2027 онд дуусахаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжсэнээр цахилгаан дамжуулах сүлжээний харилцан холболтыг сайжруулах, дамжуулах алдагдлыг багасгах, эрчим хүчний систем дэх сэргээгдэх эрчим хүчнээс авах цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах ач холбогдолтой.

2024 онд Европын холбоо, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг энэ онд тэмдэглэж байна.